Монгол Улс зах зээлийн нийгэм рүү шилжсэн 1990-ээд онд бүгдээрээ ганзагын наймаачин болсон гэхэд хилсдэхгүй. Аль толгой сийрэг, ахиухан таван цаастай болох хүсэлтэй хүмүүс ганзагын наймаанд явж, ашиг орлого олох нь олж, шатаж байдгаа барсан нь ч бас бий. Яг энэ үед хувьчлал гэх зүйл хүчтэй өрнөж улсын өмч хөрөнгүүд хувьд шилжиж өдгөөгийн баян, ядуугийн зөрүүний эхлэл тавигдсан. Тэр үед хэн сайн хулгай, луйвар хийж чадсан нь өнөө гайхалтай баялаг бүтээгч, бизнес эрхлэгч, өв дамжсан баян болж жүжиглэж яваагийн нэг учир "Монгол бизнес" гэх банкны дампуурлаас харагдана.
"Монгол бизнес" нэртэй банк 1993 оны гуравдугаар сард байгуулагдсан. Тус банкийг Женко Х.Баттулга, тухайн үеийн Улсын банкны ерөнхий хорооны ахлах мэргэжилтэн А.Давааням, Монсоник группийг үүсгэн байгуулагч Т.Баярхүү нарын долоон найз тус бүр 10 сая төгрөг нийлүүлэн байгуулж, захирлаар нь А.Даваанямыг томилжээ. Монгол бизнес банк зээлийг баруун, зүүнгүй олгож өнөөгийн олон байгууллагууд зээл авч бизнесээ хөл дээр нь босгосон боловч буцаагаад зээлээ төлнө гэдгийг мартсан нь тус банкыг дампуурах, үйл ажиллагаа нь зогсоход хүргэжээ. Нөгөөтэйгүүр Голомт гэх банкыг үүсгэн байгуулахын тулд Монгол бизнес банкыг дампууруулах зохиол байсан гэгддэг.
"Монгол бизнес" банкны хөрөнгийн 90 хувийг иргэдийн хадгаламж эзэлдэг байжээ.
№01: Ямартай ч 1998 онд дампуурч, хаалгаа барьсан Монгол бизнес банкыг дампууруулж баяжигсадын тэргүүн эгнээг 330 сая төгрөгийн өртэй Сангийн дэд сайд асан, одоогийн УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн аав Ч.Ганзориг эзэлнэ.
№02:Дараагийн байрт 269 сая төгрөгийн өртэй "Кроун" ХХК юм. Анх 27-р автобааз буюу Монголдизель хувьцаат компанийг хувьчлан авч, түүнийгээ Монгол бизнес банкинд барьцаалан 295 сая төгрөгийн зээл авч 65 саяыг нь төлж үлдснийг төлөөгүй явсаар шүүхээс 269 сая төгрөгийг төлүүлэх шийдвэр гарсан ч 20 орчим жилийн нүүрийг үзэж байна. Учир нь барьцаа хөрөнгө болох Монголдизель компанийг бусдад шилжүүлчихсэн байгаа юм. Анхны захирлаар нь Г.Лхагваням ажиллаж байгаад хамаатны дүү Батад шилжүүлж одоо н.Гансүх ажиллаж байгаа аж. Тус компани нь УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн аав сангийн дэд сайд асан Ч.Ганзоригтой холбогддог бөгөөд эхнэр Дэнсмаагийн нэр рүү компанийг шилжүүлжээ.
№03:Тухайн үед Ардын банкны орлогч захирлаар ажиллаж байсан М.Сүхээ нь өөрийн хүү С.Самбалхүндэвт Монгол бизнес банкнаас 104 мянган ам.долларын зээл гаргуулаад хүүгээ Англи руу явуулжээ. Тэр цагаас хойш С.Самбалхүндэв нь 20 гаруй жил сураг, чимээгүй алга болчихсон. Бодвол угсаа залгамжилсан баяны ханхүүгийн дүрээр гадаадад амьдарч буй биз.
№04:Ардын банкны орлогч захирал М.Сүхээгийн батлан дааж Монгол бизнес банкнаас зээл гаргуулсан дахиад нэг хүн бий. Одоо Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр нь 20 мянган ам.доллар зээлж аваад 29 жил төлөөгүй гүрийчихсэн. Түүнийг зээлээ төлөө гэдэг шүүхийн шийдвэр 13 жилийн өмнө гарсан ч Монгол Улсын хууль түүнд үйлчилдэггүй бололтой.
№05: Монгол Улсын Ерөнхий сайд асан Ж.Наранцацралт өөрийн төрсөн дүү Ж.Нарантуяадаа "Би арыг нь даана" гэж хэлээд 25 сая төгрөгийн зээл гаргуулчихсан. Гэвч Ж.Нарантуяа нь төлөлгүй гүрийсээр байгаа. Өдгөө Налайх дүүрэгт байрлах Баянцагаан гэх амралтын газрыг ажлуулдаг байна.
№07: Монгол бизнес банкыг хамтран байгуулсан Женко Х.Баттулга банкнаасаа 35 сая, Мөнгөн морьт ХХК-ийн захирал Г.Батчулуун 32 сая төгрөг зээлчихээд эргүүлж төлөлгүй хамтран байгуулсан банкаа дампуурахад нэмэр болчихсон.
№08:Сүүлийн хэдэн жилд Шилдэг ААН, татвар төлөгч гэх шагналыг хамж, үйлдвэр үйлчилгээгээ тэлж амжилттай яваа Шунхлай групп мөн л тус банкыг дамдууруулж баяжигдын жагсаалтыг үргэлжлүүлнэ. Г.Батхүү агсан 37 сая төгрөг зээлчихээд, зээлээ төлөлгүй явсаар нас барсан байдаг. Мэдээж 1990-ээд онд 37 сая төгрөг гэдэг их тоо бөгөөд үүнийг буцаан төлөлгүй олон жил эргэлдүүлнэ гэдэг асар их ашиг өгсөн байж таараа.
Ингээд харахад өнөө цагт бизнес хийж, их хурал, улс төрийг үе удмаараа эзлэн суугаа өөрсдийгөө тэнгэрийнхэн, иргэдээ улныхан гэж нэрлэсэн хүмүүс ард иргэдийн халааснаас хулгай хийж, хулгайлсан мөнгөөрөө баяжигчид болж таарч байна. Тэдэнтэй болон тэдний үр хүүхэдтэй таарвал "Гарын таван хуруу" кинон дээр гардаг шиг "хулгайч аа, хулгайч аа" гэж дуудмаар, хулгайлагдан бүх боломжоо нэхэж, улалзуулмаар...