Тариаланчид, үндэсний шилдэг хүнсний үйлдвэрлэгчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд олсон ололт, амжилтаа дүгнэн, цаашдын зорилгоо хэлэлцэж, шилдгүүдээ тодруулах “Ургацын баяр-2023” ёслол “Корпорэйт конвеншн центр”-т боллоо.
Баярын хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх оролцон хүнс үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчдэд талархал илэрхийлж амжилт хүсэн ерөөв.
Тэрбээр ““Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд төр, хувийн хэвшил хамтран ажилласнаар хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, дотоодын хангамж, экспорт нэмэгдэж байна. Тухайлбал, өнөөдрийн байдлаар 1857 аж ахуйн нэгж, иргэнд нийт 675 орчим тэрбум төгрөгийн зээл олгож, хүнс, хөдөө аж ахуйн нийт 19 төрлийн үйлдвэрлэлд нэн шаардлагатай 428 төрлийн тоног төхөөрөмжид импортын гаалийн албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлсэн нь “Хүнсний хувьсгал” эрчимтэй өрнөхөд чухал түлхэц болсон. Олсон ололтоо улам бататгаж, цаашид уур амьсгалын өөрчлөлт, хөрсний доройтол, үрийн чанар, хүнсний үйлдвэрлэлийн түүхий эдийн чанар, стандарт зэрэгт онцгой анхаарах шаардлагатай. Энэ хүрээнд төсөв, хөрөнгө, зээл, санхүүжилт, татвар, даатгал зэрэг эдийн засгийн хөшүүргүүдийг оновчтой, хүртээмжтэй ашиглах, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааг дэмжих нь чухал байна.